“Нюанс” хамтлаг 2001 оны 12 сарын 17-нд УДБЭТеатрын дэргэд анхлан байгуулагдаж, энэ үеэс эхлэн уран бүтээлийн гараагаа эхэлсэн. СУИС-ийг дуурийн дуулаачийн мэргэжлээр дүүргэсэн “Нюанс” хамтлагийн уран бүтээлчид Монголын дуурийн урлагийн анхдагчид болох Монгол Улсын Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар Ц.Пүрэвдорж, Монгол Улсын Ардын жүжигчин А.Загдсүрэн, Б.Жамъяанжав, МУГЖ Ц.Түвшинтөгс, Гэрэлбаатар нарын шавь нар юм.
Дуурийн театрын энэхүү үндэс суурин дээр олон авъяаслаг алдартан гавьяатангууд төрөн гарч, өнөөдөр сонгодог урлагийн залгамж залуу халаа монголын болон дэлхийн орчин үеийн хөгжмийн шинэ төрөл, урсгалтай хөл нийлүүлэн алхаж байгаа билээ. Үүний нэг илрэл бол тус театраас төрөн гарсан уран бүтээлчдээс бүрдсэн, попера буюу дуурийн поп (operatic pop) урсгалаар дуулдаг “Нюанс” хамтлаг юм.
Монголын дууны нэгэн төрөлд попера гэдэг нэр анх 2006 оноос тайзнаа дуулдах болсон. Тус хамтлагийн дуучид 2001 онд СУИС-ийг дуурийн дуучны мэргэжлээр төгсөж, төгссөн жилдээ УДБЭТеатрт дуучнаар орон “Нюанс” хамтлагийг анхлан санаачилж бий болгосон. Хамтлагийг үүсгэн байгуулахад тухайн үед ДБЭТеатрын даргаар ажиллаж байсан МУГЖ Г.Эрдэнэбат, дэд захирал Д.Баатар, хурандаа Б.Коля нар уран бүтээлийн ажлыг нь дэмжин ажилласан байдаг.
“Сонгодог урлагийг хөгжүүлж байгаа салбарын хувьд дуурийн театрын дэргэд мэргэжлийн дуучдын хамтлаг зайлшгүй байх шаардлагатай.” — МУГЖ Г.Эрдэнэбат
Попера буюу дуурийн поп гэх энэ төрлөөр урьд нь нэг ч хамтлаг байгаагүй бөгөөд попера нь мэргэжлийн дуучны ур чадвар, ажлын туршлага, тодорхой хэмжээний хөгжмийн боловсрол зэргээс хамаарах урсгал юм. “Нюанс” хамтлагийн гол зорилго нь поп дуу, аялгууг дуурийн хэв маягт оруулах, эсвэл сонгодог дууны уран бүтээлийг поп төрөлд оруулан дуулж үзэгчдэд хүргэх явдал байсан юм.
“Нюанс” хамтлаг 2007 оны 3 сарын 26, 27-нд, Олон улсын театрын баярын өдөр анхны “НЮАНС попера” тоглолтоо Улаанбаатар паласын концертын танхимд тоглосон нь Монголд дуурийн поп урсгалын “төрсөн өдөр” болсон юм.
Попера урсгалын анхдагч
Попера урсгалаар дуулж эхлэхээсээ өмнө хамтлаг олон төрөл, стиль, хэмнэлтэй дууны уран бүтээл хийж, монголын хуучин цаг үеийн эстрадын хит дуу болон монголын хөгжмийн зохиолчдын бүтээлийг поп өнгө аясаар хүргэх, дуурийн сонгодог уран бүтээлүүдийг өөрсдийн найруулгаар үзэгчдэд хүргэхийг хичээж байсан. Монголын СУИС-ийг мэргэжлийн дуучин гэсэн тодотголтой төгссөний хувьд мэргэжлийн хэмжээнд ур чадвараа харуулж, дуурь болон поп урсгалыг холбох гүүр нь болж чадсан хамтлаг юм.
Чамгүй их хүч хөдөлмөр, уран бүтээлийг тасралтгүй хийсний үр дүнд “Нюанс” хамтлаг дэлхийн дууны урлагийн шинэлэг нэгэн төрөл болох попера (operatic pop — дуурийн поп) урсгалыг Монголын хөгжмийн нэр томьёо, монголын үзэгч сонсогчдод хүргэж ирсэн анхны хамтлаг болж түүхэнд үлдэх гавьяатай юм.
Олон хэлээр, олон тайзнаа
Хамтлаг урын сандаа дэлхийн сонгодог бүтээл, алдартай поп болон попера дуунуудыг франц, итали, испани, орос, англи, хятад, герман хэл дээр дуулдгаараа онцлогтой. Тоглолт бүртээ олон хэв загвар, дизайнтай тайз, декорац, шинэлэг шийдлийг харуулж, мэргэжлийн тайзны зураач, хөгжимчид, бүжигчдийг бүрэлдүүлэн, тоглолтын найруулгаа өөрсдийн ур ухаанаар шийддэг.
Анхны тоглолтоос хойш “Нюанс” хамтлаг эх хэл болон гадаад хэл дээр дуулсан 160 гаруй дуутай болж, 20 гаруй видео клипийг олны хүртээл болгосон. 2006 онд “НЮАНС” нэртэй анхны цомог, 2008 онд “Nuans” popera цомог, 2010 онд “Amore” popera цомог, мөн “Бид нэг хүсэлтэй” цомгуудыг гаргасан.
2012–2023 онуудад ОХУ-ын Эрхүү, Улаан-Үдэ, Чита хотуудад “Нюанс попера” аялан тоглолтоо хийсэн бөгөөд Франц, Испани, Солонгос, Тайвань, ӨМӨЗО, ОХУ-ын олон улсын чанартай арга хэмжээ, наадамд амжилттай оролцож ирсэн.
“Нюанс” хамтлаг нь Монголын үзэгчдэд поп хөгжим болон сонгодог дууны бүтээлийг попера урсгалаар дамжуулан, дуурь тэдний сонирхол биш гэж боддог хүмүүст ч дуурийг үзэх сонирхлын хүрээг тэлж өгсөн Монголын анхны operatic pop — дуурийн поп хамтлаг юм.